Ч.МӨНХБАТ: ТАЛБАЙД ГАРАХ Л ҮЛДЛЭЭ

Дэрэн клубийн ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбат Photo by Дэрэн клуб



15 April 2023

Улаанбаатар клубийн багтай хийх Дээд лигийн тоглолтын өмнө Дэрэн клубийн ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа. Түүнээс энэ удаагийн тоглолтын өмнөх багийн бэлтгэл сургуулилт болон бүрэлдэхүүний талаар тодруулсан юм.

  • Дэрэнгийн залуусыг маргааш тун чухал тоглолт хүлээж байна. Тоглолтын өмнөх бэлтгэл хэр хангагдсан бэ? 


  • Мэдээж хүснэгтийг харвал маргаашийн тоглолтыг онцгойлон авч үзэж болно л доо. Гэхдээ бидний хувьд тоглолт бүр маш чухал. Бас бүгд амаргүй. Түүний л нэг адил Улаанбаатар клубийн багтай хийх тоглолтод бэлтгэлээ базаалаа. Одоо талбайд гарахаас бусдаар бэлэн болсон гэж ойлгож болно. Сүүлийн тоглолтоос хойш бидэнд 7 хоногийн хугацаа байлаа. Өнгөрсөн өдрүүдэд бидний хувьд гол анхаарсан зүйл бол тоглогчдын сэтгэл зүй гэж хэлж болно. Тиймээс ч тамирчид маань сэтгэл өндөр, багийн уур амьсгал сайн байна. Тоглох аргачлалаа ч төлөвлөсөн байгаа. 


  • Таныг томилогдсоноос хойш тун их сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд явагдлаа. Эхний тоглолтод гэхэд Лионсыг 9:0-ээр хожсон бол дараа нь Ховдод 2:1-ээр хожигдсон. Фалконсын эсрэг эхний хагаст 3:0-ээр хошуучилж байсан ч эцэст нь тэнцсэн бол Азаргануудад эхлээд гоол алдсан ч эцэст нь хожсон гээд сонирхолтой тоглолтууд боллоо гэж харж байна. Тоглогчдын сэтгэл зүй, багийн уур амьсгалын тухай танаас тодруулах гэсэн юм? 


  • Фалконсын эсрэг тоглолт тун харамсалтай өндөрлөсөн бол Төв Азаргануудтай хийсэн тоглолт завсарлахад бид нэг бөмбөгний зөрүүтэй хожигдож байлаа шүү дээ. Яг өмнөх тоглолт дээр нь тоглолтын хоёрдугаар хагас эхлээд л ойрхон хоёр гоол алдсан болохоор Төв Азаргануудын эсрэг тоглолтын үеэр завсарлагаанаар сайн ярилцсан. Тэр нь ч үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Ер нь өнгөрсөн тоглолтуудаас нийтлэг ажилагдсан зүйл бол тоглогчдын сэтгэл зүй, багийн уур амьсгал байлаа. Зүрхний бичлэг шиг л савалгаатай байсан гэж болно. Өөрөөр хэлбэл хэмнэлээ тогтвортой барих шаардлагатай байсан. Тиймээс ч бид үүн дээрээ түлхүү ажиллахыг хичээлээ. 


  • Өнгөрсөн намар буюу эхний тойрогт Улаанбаатар клубийн багтай хийсэн тоглолтод хожигдол хүлээж байсан. Өмнөх тоглолтуудыг ч харахад Улаанбаатарын эсрэг амаргүй өрсөлдөөн гардаг гэж болно. Таны хувьд ч ахлах дасгалжуулагчийн хувиар Улаанбаатарын эсрэг эхний тоглолтоо хийх гэж байна. Өмнөх тоглолтуудыг хэрхэн дүгнэх вэ? 


  • Мэдээж Улаанбаатарын эсрэг эрчимтэй шахалттай, бие бялдарын хүч шаардсан тоглолт болдог. Гэхдээ залуус маань түүний эсрэг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх хангалттай чадвартай гэж боддог. Тиймээс ч бид тэдний эсрэг хэрхэн тоглох тухай тооцоолсон. Шахалтаас хэрхэн гарах вэ, дарамтыг хэрхэн давах вэ, хэрхэн өөртөө итгэж, өөрсдийн хөлбөмбөгөө харуулах вэ зэрэгт залуус маань анхаарсан гэдэгт итгэлтэй байна. 


  • Бүрэлдэхүүн ямар байгаа вэ? Сүүлийн тоглолтод бэртсэн Ц.Баасанжав, Т.Дөлгөөн нар тоглолтод оролцох боломжтой юу? 


  • Үндсэндээ манай бүрэлдэхүүнээс 4 тоглогчид бэртлийн бага зэрэг асуудал бий. Хагас хамгаалагч Ц.Баасанжавын маань шагайны бэртэл эдгэж тоглоход бэлэн байгаа. Гэхдээ талбайд гаргах эсэхээ маргааш эцсийн байдлаар шийднэ. Харин хамгаалагч Т.Дөлгөөн маань хараахан бэлэн биш байна. Мөн төвийн хамгаалагч Н.Хашчулуун маань шигшээ багаас өвдөгний бэртэлтэй ирсэн. Түүний өмнө улаан хуудасны торгуулиас болоод нэг тоглолт өнжсөн шүү дээ. Тиймээс эргээд тоглолтын формдоо орох, багтаа уусахад хугацаа хэрэгтэй. Мэдээж аль болох хурдан эргэн тоглолтод бэлэн болох шаардлагатай байгаа. Бас шигшээ багийн тоглолтын үеэр бэртсэн хамгаалагч Т.Хаш-Эрдэнэ маань эргэн бэлтгэлдээ орж, энэ жилийн тоглолтуудын өмнөх нөхөрсөг тоглолтод оролцсон ч өвдөгний асуудлыг улмаас хараахан лигт тоглоход бэлэн биш байна. 


  • Дэрэнгийн дэмжигчдэд хандаж хэлэх зүйл бий юу? 


  • Мэдээж Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд ирж 18:00 цагаас эхлэх тоглолтод Дэрэн клубийн залуусаа дэргэдээс нь дэмжээсэй гэж хүсэж байна. Клубийн зүгээс тоглолтын үеэр дэмжигчдэдээ чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж, бидний зүгээс ч аль болох үзүүштэй тоглолт толилуулж, бүтэн оноо авахыг хичээх болно. Залуусдаа ч итгэж байна. 


  • Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

  • Баярлалаа.