ТОГЛОЛТЫН ӨМНӨ ТАНД ДУУЛГАХ СОНИН

Эрчимийн эсрэг 2022 оны 10-р сарын 29-ний тоглолтын үеэр, Т.Дөлгөөн Photo by Дэрэн клуб



02 May 2023

Дэрэнгийн залуус маань Монголын хөлбөмбөгийн Моби дээд лигийн II тойргийн сүүлийн буюу 2022/23 оны улирлын 18 дахь тоглолтоо Хаан хүнс - Эрчим багийн эсрэг хийх гэж байна. 

 

Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн тоглолтууд энэ улирал 3 тойрог буюу 27 тоглолтоор үргэлжилнэ. 

 

ЭРЧИМИЙН ЭСРЭГ ХЭРХЭН ТОГЛОСОН БЭ? 

 

Дэрэн клубийн 1-р баг Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн хүрээнд Хаан хүнс - Эрчимийн эсрэг сүүлийн 7 тоглолтын 6-д нь хожигдоогүй, 5-д нь ялалт байгуулсан үзүүлэлттэй байна. 

 

Эрчим клубийн багтай түүхэндээ нийт 18 удаа тоглоход 6-д нь хожиж, 2 тэнцжээ. 

 

Анх 2017 оны 8-р сарын 26-нд лигийн 10 удаагийн аварга Эрчим клубийн багийг талбайд нь 1:0-ээр хожиж байсан бөгөөд хожлын гоолыг одоогийн бүрэлдэхүүний тоглогч А.Дөлгөөний төрсөн ах А.Тэмүүжин оруулж байв. Тухайн жил Эрчим клуб 11 дэх удаагаа аваргын цомыг өргөж байлаа.

 

2017 оны тус тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс О.Мөнх-Оргил, Б.Батмөнх, Б.Ууганбат энэ удаагийн тоглолтод оролцоход бэлэн байна. Мөн тухайн тоглолтод сэлгээгээр Ц.Баасанжав, Т.Хаш-Эрдэнэ нар тоглолтод оролцож байжээ. 

 

Б.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ ХОЁР УДАА ХОЖЛЫН ГООЛ ОРУУЛЖ БАЙВ

 

Эрчимийг анх хожсоноос хойш 3 жилийн дараа буюу 2020 онд дахин хожиход Б.Өсөх-Ирээдүй торгуулийн талбайн гаднаас хаалганы баруун дээд буланд цохиж оруулсан гоолоор багаа ялалтад хөтөлж байлаа.

 

Тэрбээр 2021 онд Дэрэн клубийн залуус Дээд лигээс мөнгөн медаль хүртсэн улирлын сүүлийн тоглолтод Хаан хүнс - Эрчим клубийн багийн хаалганд мөн хожлын ганц гоолыг оруулж байсан юм. 

 

Дэрэн клубийн баг хамгийн сүүлд өнгөрсөн 29-ны бямба гарагт Хангарьд клубийн багтай улирлын 17 дахь тоглолтоо хийж Б.Өсөх-Ирээдүй, Б.Батмөнх, Ц.Далайцэрэн нарын гоолооор 3:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. 

 

Харин Хангарьд клубийн багийг сүүлийн 5 тоглолт дараалан хожлоо. Ялангуяа тэдний эсрэг сүүлийн 3 тоглолтод гоол алдаагүй, 17 гоол хаалганд нь оруулсан үзүүлэлттэй болсон юм. 

 

Дэрэн клубийн багаас хагас хамгаалагч Б.Батмөнх сүүлийн 10 тоглолтын 6-д нь гоол орууллаа. Ингэснээр Б.Ууганбат, Б.Батмөнх, Б.Өсөх-Ирээдүй нар ижил 6 гоолтой болсон бол Ц.Далайцэрэн Хангарьдын эсрэг тоглолтод Дээд лигт энэ улирлын эхний гоолоо толилууллаа. 

 

Харин А.Дөлгөөн 14 гоолтой багаа тэргүүлж байна. 

 

 

(2022/23 оны улирлын 17 тоглолтын дараах байдлаар)

 

ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ОЛОН ОНОО ЦУГЛУУЛААД БАЙНА 

 

Дэрэн клубийн баг одоо 17 тоглолтоос 11 хожиж, 3 тэнцсэн 36 оноотой дэд байрт эрэмбэлэгдэж байна. 

 

2015 оноос хойш Монголын хөлбөмбөгийн Дээд лигт өрсөлдөж буй Дэрэн клубийн баг анхны улиралдаа 16 тоглолтоос 9 оноо цуглуулж 7-р байр эзэлж байсан бол түүнээс хойших 4 жилийн 3-т нь 5-р байр, ялангуяа 2017 онд 4-р байр эзэлж байлаа. 

 

2019 оны Дээд лиг плэй-оффын тоглолтуудтай зохион байгуулагдаж Дэрэн клубийн баг улирлын тоглолтдоо 5-р байраар шалгарснаар эхний дөрвөн багийн хамт аваргын төлөөх нэмэлт тойргийн тоглолтуудад өрсөлдөж байлаа. Улмаар тус нэмэлт 4 тоглолтоос 4 оноо авснаар улирлыг нийт 35 оноотой өндөрлүүлж байсан юм. 

 

Харин 2020 оны улирлын төгсгөлд 6-р байраар тэмцээнээ дуусгасан ч дараа жил нь анхны медалиа хүртэж байсан түүхтэй. 

 

2021 оны улирал Дэрэн клубийн баг 18 тоглолтод 35 оноо цуглуулсан нь сүүлийн тойрогт хоорондын тоглолтын дүнгээр дэд байрт дэвшүүлсэн байдаг. 

 

2015 оны улирлын бүрэлдэхүүнээс #3 Б.Ууганбат, #15 Б.Батмөнх, #18 Ц.Баасанжав, #15 О.Мөнх-Оргил нар нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд тоглож байна. Тэр жил Б.Батмөнх, Ц.Баасанжав нар 15, О.Мөнх-Оргил 16, Б.Ууганбат 18 настай байлаа.

 

ДЭРЭНГИЙН ДЭМЖИГЧ БОЛ 500₮ ХӨНГӨЛНӨ 

 

Дэрэн клубийн зүгээс талбайн эзэн багаар хийх тоглолтуудад шар айраг болон хоол, ундааны зүйлсээр үзэгч, дэмжигчдэдээ үйлчилж байгаа билээ. Тэгвэл та Дэрэн клубийн дэмжигч гэдгээ илэрхийлэх лого бүхий эд зүйлс, хувцас хэрэглэлээ борлуулалт хийж буй хүмүүст үзүүлээд бүтээгдэхүүн бүрээс 500₮-ийн хөнгөлөлт эдлээрэй. 

 

Эсвэл “Би Дэрэнгийн дэмжигч” гэсэн түлхүүр үгийг хэрэглээрэй. 

 

2022/23 ОНЫ УЛИРЛЫН ТОГЛОЛТУУД 

 

2022.08.24 Лха - Дэрэн 7:1 БиСиЭйч Лионс 

(Гоолууд: А.Дөлгөөн x2, Б.Ууганбат, Савва.К, Б.Өсөх-Ирээдүй х2, Ж.Тэ-Бэк)

2022.08.28 Ням - Ховд 0:6 Дэрэн 

(Гоолууд: Т.Дөлгөөн, Никита.А, А.Дөлгөөн х2, Савва.К, Ж.Тэ-Бэк)

2022.09.04 Ням - Дэрэн 3:2 СП Фалконс 

(Гоолууд: Никита.А, А.Дөлгөөн)

2022.10.02 Ням - Төв азарганууд - Төв буганууд 1:2 Дэрэн 

(Гоолууд: Э.Эрхэмбаяр, Савва.К)

2022.10.09 Ням - Улаанбаатар 2:0 Дэрэн 

2022.10.13 Пүр - Дэрэн 4:3 Улаанбаатар сити

(Гоолууд: Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн х2, Б.Өсөх-Ирээдүй)

2022.10.16 Ням - Хоромхон 1:1 Дэрэн 

(Гоолууд: А.Дөлгөөн)

2022.10.22 Бям - Дэрэн 10:0 Хангарьд

(Гоолууд: Б.Батмөнх, Б.Ууганбат х3, Ц.Төмөр-Очир, А.Дөлгөөн х2, О.Мөнх-Оргил, Савва.К, Э.Эрхэмбаяр)

2022.10.29 Бям - Хаан хүнс - Эрчим 2:3 Дэрэн 

(Гоолууд: Савва.К х2, А.Дөлгөөн)

2023.03.12 Ням - БиСиЭйч Лионс 0:9 Дэрэн 

(Гоолууд: Э.Эрхэмбаяр, О.Мөнх-Оргил, Б.Өсөх-Ирээдүй, А.Дөлгөөн х2, Б.Ууганбат, Б.Батмөнх, Б.Цогтбаяр, У.Тэмүлэн)

2023.03.16 Пүр - Дэрэн 1:2 Ховд

(Гоолууд: А.Дөлгөөн)

2023.04.06 Пүр - Булган СП Фалконс 3:3 Дэрэн

(Гоолууд: Г.Дөлгөөн, Б.Батмөнх, Б.Ууганбат)

2023.04.09 Ням - Дэрэн 3:1 Төв Азарганууд

(Гоолууд: Б.Батмөнх, Б.Өсөх-Ирээдүй, Б.Цогтбаяр)

2023.04.16 Ням - Дэрэн 1:0 Улаанбаатар

(Гоол: О.Мөнх-Оргил )

2023.04.19 Лха - Улаанбаатар сити 4:3 Дэрэн

(Гоолууд: Э.Ган-Эрдэнэ, Б.Батмөнх, Ц.Баасанжав)

2023.04.22 Бям - Дэрэн 0:0 Хоромхон

2023.04.29 Бям - Хангарьд 0:3 Дэрэн

(Гоолууд: Б.Өсөх-Ирээдүй, Б.Батмөнх, Ц.Далайцэрэн)