Улирлын 15 дахь тоглолтын өмнө…


12 April 2024

“Дэрэн” клубийн баг Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээн буюу “Премьер лиг”-ийн 2023/24 оны улирлын 15 дахь тоглолтоо “Баварианс” багтай хийнэ. Одоогоор “Дэрэн” эхний 14 тоглолтод 7 хожиж, 5 тэнцэж, 2 хожигдсон үзүүлэлттэй 26 оноотой хүснэгтийн 2-р байрт бичигдэж байна. Тэгвэл Дээд лигт эхний жилээ өрсөлдөж буй “Баварианс” баг 7 оноотой 9-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байгаа билээ. 

 

Багууд улирлын эхний тойрогт Дээд лигийн хүрээнд анх удаа учраа таарахад “Дэрэн” 5:1 харьцаатай хожиж байв. Тухайн тоглолтод Э.Өсөх-Ирээдүй, Ц.Далайцэрэн нар тус бүр 2 гоол оруулж байсан юм. 

 

Дэрэн сүүлийн 5 тоглолтод буюу 2-р тойрог эхэлснээс хойш нэг л хожил аваад байна. Тодруулбал 1 хожиж, 2 тэнцэж, 2 хожигджээ. Тиймээс удаах байруудад бичигдэж байгаа “Улаанбаатар” 2 онооны дутуу, “Хангарьд”, “Төв Азарганууд” багууд 3 онооны дутуу болж ойртож ирээд байна. 

 

“Дэрэн” намрын тойргийн 9 тоглолтод 6 хожиж, 3 тэнцэж 21 оноо авч байсан юм. Харин 2-р тойрог эхлээд одоогоор 5 тоглолтод 5 оноо авсан үзүүлэлттэй явна. Ийм учраас тойргийн үлдсэн тоглолтуудад зайлшгүй бүтэн оноонуудаа авах шаардлагатай болоод байна. 

 

Тойргийн үлдсэн 4 тоглолтыг “Баварианс”, “Брера Илч”, “Улаанбаатар”, “Ховд” багуудтай хийнэ. Эндээс харахад хүснэгтийн байрлалын төлөөх гол өрсөлдөгч “Улаанбаатар” байна. Харин бусад гурван баг нь хүснэгтийн сүүлийн гурван байрт бичигдэж буй багууд. Ийм учраас хүснэгтийн байрлалаа хадгалахын тулд зайлшгүй бүтэн оноонуудаа авах даалгавартай орох тоглолтууд юм. Тэгэхээр тойрог ирэх тусам тоглолт бүр чухал ач холбогдолтой болж байна. 

 

“Баварианс” багтай хийх тоглолт энэ сарын 13-ны бямба гарагт 16:15 цагаас болно. Баг тамирчдадаа амжилт хүсье.