17-р тойргийн онцлох тоглолт: Дэрэн - Улаанбаатар


20 April 2024

“Дэрэн” баг Дээд лигийн тэмцээний энэ улирлын 17 дахь тоглолтоо өнгөрсөн улирлын аварга “Улаанбаатар” багтай хийх гэж байна. Өмнөх улирлын алт мөнгөн медалиудыг хүртсэн хоёр багийн тоглолт энэ тойргийн онцлох тоглолт байх нь ойлгомжтой. 

 

Багуудын хувьд одоогоор хүснэгтийн 2 болон 3-р байрт ердөө нэг онооны заагтай бичигдэж байгаа учраас байрлалын төлөөх хариуцлагатай тоглох байх болно. 

 

2015 оноос хойш багууд аль аль нь лигт өрсөлдөж буй бөгөөд одоог хүртэлх хугацаанд нийт 20 тоглолт хийжээ. Үүнээс “Улаанбаатар” баг 12 удаа, “Дэрэн” 7 удаа хожиж, 1 удаа тэнцжээ. Багуудын тоглолт хэзээд сонирхолтой өрсөлдөөнтэй болдог төдийгүй өмнөх 20 тоглолтод нийт 43 гоол оржээ. Мөн нэг л тоглолтод гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөж бусад бүх тоглолтод гоол орж байлаа.

 

Сүүлийн 5 тоглолтын дүн:

  • Дэрэн 3:2 Улаанбаатар
  • Дэрэн 0:2 Улаанбаатар
  • Дэрэн 1:0 Улаанбаатар
  • Дэрэн 2:4 Улаанбаатар
  • Дэрэн 1:0 Улаанбаатар 

Лигийн хүрээнд болсон сүүлийн 5 тоглолтоос “Дэрэн” баг 3 удаа хожсон үзүүлэлттэй байна. Энэ улирлын эхний тойрогт учраа таарахад Б.Өсөх-Ирээдүйгийн оруулсан гоолоор 1:0 харьцаатай хожсон юм. 

 

Улирлын сүүлийн 5 тоглолтын хувьд “Дэрэн” 2 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдсон. Тэгвэл “Улаанбаатар” баг сүүлийн 5 тоглолтод дараалан хожсон сайн формтой байгаа бөгөөд хүснэгтийн дэд байрд дэвшээд байна. Мөн тэдний довтолгоо маш сайн байж сүүлийн 5 тоглолтод нийт 20 гоол оруулжээ. 

 

Багуудын тоглолт 4-р сарын 21-нд буюу энэ ням гарагийн 19:15 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.